Wednesday, October 17, 2012

БУРХАД ХААЧИВ. IT-ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРИН ҮЕИЙН ХАЛААГ АВЧ БАЙНА

 

IT үйлдвэрлэл эрин үеийн халааг авч хуучин аваргууд “Sony”, “Nokia”, “RIM” нар хүндэтгэлийн тавцангаасаа хальж эхлэв. Үйлдвэрлэлийн шинэ ноёд “Apple”, “Samsung” ба Тайваны үйлдвэрлэгчид гарч ирлээ. Дөнгөж 10 жилийн өмнө “Mercedes-Benz”, “BMW” компаниуд өөрсдийн автомашиныг орон нутгийн үүрэн холбооны “Nokia”, “Motorola” утсаар тоноглодог байсан өнөөдөр автомашины үйлдвэрлэгч компаниуд өөрийн тэргүүний загваруудын жолоодлогын системд “Apple”-ийн “iPhone” утсыг хослуулан тавьж байна.
Хэдэн арван жилийн турш “сайн зурагт” гэдэг үг “Sony” компанийн бүтээгдэхүүн гэж ойлгогддог байлаа. Харин одоо тив дэлхийн цахилгаан барааны дэлгүүрийн худалдагчид худалдан авагчдын шаардлагад нийцсэн зурагт бол “Samsung” гэж зөвлөдөг болжээ. Ерөөсөө тавхан жилийн өмнө ажил хэрэгч хүмүүсийн чухал яриа хэлэлцээрийн үеэр ёслолын костюм зангиа шиг зайлшгүй хэрэгтэй зүйлсийн нэг нь “Sony”, “Dell”, “HP” зэрэг нөөтбүүк байлаа. Гэтэл өнөөдөр өөрийн имиждээ анхаарал тавьдаг бизнесменүүд “Apple”, “Asus”, “Acer” нөөтбүүк хэрэглэдэг болсон байна.
Тэргүүлэгчдийн солих процесс 2000-аад оны 2-р хагасаас эхэлсэн бөгөөд одоо ид дундаа явж байгааг, шинжээчид ахуйн хэрэглээний цахилгаан барааны түүхэнд хувьсгал хийсэн үе гэж нэрлэв. Бодоод үзэцгэе л дээ,  зарим компани тухайлбал “Nokia” болон “RIM” (“BlackBerry” утас үйлдвэрлэдэг) компаниуд хоёрхон жилийн дотор үнэлэмжийнхээ 90%-ийг алдлаа. Энэ бол хэдэн зуун тэрбум ам.доллар гэж Америкийн санхүүгийн шинжээч Ларс Блосферлд ярьж байна. Гэтэл “Apple” нефтийн болон металлургийн аваргуудыг ардаа орхин дэлхийн хамгийн үнэтэй компани болов.
Экспертүүдийн үзэж байгаагаар амжилтын баталгаа нь аливаад үнэнч явдал юм. Гэхдээ “Apple” шиг юм бүхнийг өөрөө зохион бүтээх санаачлах шаардлагагүй гэж техно-блоггер марк Стил үзэж байна. Зарим үед тэргүүлэх гэвэл Азийн тэргүүлэх үйлдвэрүүд шиг нэрд гарсан трендүүдийг цаг үеийг нь олж дагахад хангалттай байдаг юм.
IT үйлдвэрлэлийн агуу их өөрчлөлт нь энэ оны зун “Nokia”-гийн хувьцаа түүхэн доод цэгтээ очиход компани “Skype”, “NTC” ба “Sony”-оос хямдарч их хэмжээний алдагдалд орж байгаагаа хүлээн зөвшөөрлөө. Харин “Samsung” дэлхийн хэмжээний смартфоны томоохон үйлдвэрлэгчийн тоонд албан ёсоор оров.
Баримт №1 Ухаалаг гар утас зохион бүтээсэн нь
2007 оны 1-р сард дэлхийн хэвлэл мэдээллийнхэн тэр чигээрээ Лас-Вегаст болж байгаа өргөн хэрэглээний цахилгаан барааны үзэсгэлэн рүү хошуурцгаав. Сэтгүүлчид “Windows”-ын шинэ хувилбарын тухай хайш яйш ярилцан, “Nokia” компанийн ээлжит шинэ гар утасны танилцуулгыг залхуутайяа сонсоцгооно.
Харин Сан-Францискод “iPhone” ухаалаг гар утасны нээлтийн ажиллагаа болоход зах зээл гэнэт цагийн дотор тэсрэх мэт болов. “Apple” компанийн тэргүүн Стив Жобс дөнгөж сая шинээр зохион бүтээсэн смартфоноо өөрийн хэвшсэн маягаар сүр дуулиантай танилцуулж эхлэв. Тэр үед Стив Жобс хожим хай-тек үйлдвэрлэлийг тэслэх болсон бүтээгдэхүүнээ бүтэн цаг гаран тайлбарлаж үзүүлэв.
Анхны “iPhone” тийм ч төгс эд биш байв. Уг бүтээгдэхүүнд смартфон ба ердийн гар утсанд байдаг энгийн үйлдлийн функциуд алга байлаа. Жишээ нь файлуудыг “Bluetooth” руу шилжүүлэх, хуулбарлах, оруулах гэх мэт. Харин “iPhone”-д цахим хуудас үзэх веб хөтөч, маш эвтэйхэн mp3 player, мэдээж хэрэг гол дэвшил хувьсгал болсон мэдрэгч дэлгэц бүхий интерфэйс бий.
Өрсөлдөгчид энэ бүх “аюулыг” анзаарахгүй байхыг илүүд үзсэн юм. Хэвлэлийнхэн “Microsoft”-ын Стив Балмерын үл тоомсорлосон тайлбарыг шүүрэн авч цацлаа. Тэр “iPhone” нь завсрын бүтээгдэхүүн болох ба дөнгөн данган 3%-д хүрэх биз гэж хэлээд “iPhone”-ийн гол доголдол нь Балмерын үзэж байгаагаар ашиглалтын товчлуур байхгүй бас бизнесийн хүрээнийхний функц огт байхгүй гэж гоочилж байжээ. Төсөөтэй санаа, гомдлыг “RIM”-ын Майкл Лазаридис “Биет товчлуурын даруул нь үйлдвэрлэлийн алтан стандарт байсан ба байсаар ч байх болно” гэж хэлж байжээ. Мөн тэр үед “Nokia” компанийн тэргүүн Олли-Пекка Калласвуо “Үйлдвэрлэлийн стандарт гэх бидний хийж байгаа зүйлийг л хэлнэ” гэж хошуу нэмэрлэж байв.
Харин энэ бүхэн төгсгөлийн эхлэл байлаа. Зах зээлд тэргүүлэгч “Nokia”-гийн байр суурь тэр үед ганхашгүй мэт (зах зээлийн 35%-ийг эзэлж байв) байсан нь компанийн удирдлагыг гялбуулж байв. Финляндчуудын хийсэн анхны мэдрэгч дэлгэцтэй загвар болох “Nokia 5800” дөнгөж 2008 оны сүүлээр худалдаанд гарч ирэхэд “Apple” компанийн “iPhone”-ийн хоёр дахь үе дэлхий нийтийг байлдан дагуулсаар, Өмнөд Солонгос, Тайваны үйлдвэрлэгчид энэ чиглэлээр тууштай ажиллаж байв. 2009 онд үйлдвэрлэсэн, түүчээ болж “Nokia”-гийн нэр хүнд, алдсан байр суурийг эргүүлэн авчирна гэж найдаж байсан №97 загвар бүрэн уналтаар дуусав.
Компани шинэ систем болох “Maemo”-д найдвар тавьж байсан ч дэлхийн зах зээлд ердөө 100 мянган ширхэг зарагдсан №900 гэх цорын ганц загвараас хэтэрсэнгүй. Дараа нь “Nokia” компани “Maemo” системээс татгалзан шинэ үйлдлийн систем “MeeGo”-г “Intel” компанитай хамтран боловсруулахаа зарлав. Удалгүй энэ эхлэл нь ч бас булшиндаа оржээ. Финляндийн “Nokia” компанийн түүхэнд анх удаа Калласвуогийн оронд залуурчийн албанд гадаад хүн “Microsoft”-ын ажилтан Стивен Элоп зүтгэх болов. Мөн “Apple”-ийн топ-менежер байсан “BeOS” үйлдлийн ситемийг зохиосон Жан-Луи Гассег “Nokia” орон тооны бус зөвлөхөөр ажиллуулж, тэр Филяндчуудад одоо хүчээ аваад байгаа “Google”-ийн андройдтой нийлэхийг зөвлөв. Үүнийгээ тэр амжилт олж болох цорын ганц боломж гэж үзэж байсан боловч Стивен Элоп “Windows Phone”-ийг сонголоо. Одоо “Nokia” компани энэ тавцан дээр хошуучлагч болж “Microsoft”-той хамтран “Apple” ба “Google”-ийг гүйцэхийг эрмэлзэж байгаа ч амжилтгүй л явна. “iPhone” гарч ирсэн 2007 оны дунд үеэс 2012 оны 6-р сар хүрэх хугацаанд “Nokia” компани 150 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийж өөрийн үнэлэлтийн 94%-ийг зарцуулжээ. Эдгээр тоо баримтуудыг нийтлэгдсэний дараа зарим шинжээчид Грек улсын эдийн засгийг хямралаас гаргахад үүнээс бага (130 тэрбум ам.доллар) мөнгө шаардлагатай байгааг харамсан дурсаж байлаа.
Өнөөдөр Жан-Луи Гассегийн үзэж байгаагаар “Nokia” компани ерөнхийлөгч Стивен Элопыг сольж захирлуудын зөвлөлд гар утасны үйлдвэрлэлийг ойлгодог хүмүүсийг тавих хэрэгтэй гэнэ. Харин “Nokia” энэ талаар элдэв тайлбараас зайлсхийж байна. Тухайлбал танай компани зах зээлийн оргилд яаж гарах төлөвлөгөөтэй байна вэ гэсэн сэтгүүлчийн асуултад тодорхой хариулт хэлэлгүй дүйвүүлэн өнгөрөөжээ.
Канадын “RIM” компани эхэн үедээ “iPhone”-ийн сөрөг нөлөөг бага мэдэрч байлаа. Гэрээгээр хамгаалагдсан И-мэйл үйлчилгээ, хэрэглэгчдийн үзэж байгаагаар ашиглахад хялбар даралтад товчлуурын систем зэрэг нь “iPhone” –оос давуу талтай байлаа. Гэхдээ л “BlackBerry”-гийн зах зээлд эзлэх байр суурь багассаар байлаа. Тэдний мэдрэгч дэлгэцтэй шинэ загваруудыг үйлдвэрлэх оролдлого амжилт олсонгүй.
“BlackBerry”-гийн хөрвөх чадварын нөөц удаан үргэлжилсэнгүй. 2012 оны зун “RIM” компани уналт сүйрлийн хэмжээнд хүрч сүүлийн 2 жилд компани үнэлэмжийнхээ 87% буюу 35 тэрбум ам.доллар алджээ. Хуучирсан үйлдлийн системийг ухаалаг гар утасны шинэ мэдрэгч дэлгэцтэй утасны систем болгон засварлах оролдлого хийнэ гэж мэдэгдсэнийг энэ салбарын мэргэжилтнүүд толгой сэгсрэн жуумалзаж байв. Харин системийн дараагийн хувилбарыг 2013 он хүртэл хойшлуулав. Арай оройтох юм биш үү гэж “DZ NET” технологийн портал сайтын тоймч Ларри Дигнан ёжлон тэр үед “iOS” болон “Android” өрсөлдөгчдөөсөө бараа сураггүй тасарсан байх биз гэлээ.
Америкийн “Apple” компанитай зэрэгцэн зах зээлийн 20%-ийг эзэлж түүнээсээ 80%-ийн ашиг хийж, “Nokia” ба “RIM”-ийн уналтаас хонжоо олж байгаа нэг компани бий. Энэ бол “Samsung Electronics” компани юм. Тус компанийн ерөнхийлөгч Юнгчул Парк нэгэн ярилцлагадаа “Galaxy S төрлийн утаснуудын эхний хоёр загвар нь нийт 30 сая ширхэг зарагдсан” гэжээ. Харин гурав дахь загварын борлуулалт чих дөжрүүлэх нээ. Паркийн үгээр бол “Galaxy S III” урас 6-р сард нээлтээ хийснээсээ хойш 30 сая ширхэг зарагдаад байгаа аж. Парк өөрийн компанийн амжилтыг хэдэн үзүүлэлтээр тайлбарлаж байна. Эдгээрээс хамгийн чухал нь шинэ загварыг зах зээлд гаргах хурд, шинэ загваруудын өрдөг сонголт, үнийн олон хувилбар зэрэг болно.
Энэ байдал нь смартфоны нэг загвараа л жил бүр шинэчлэн гаргаж байдаг “Apple”-аас тэс өөр эсрэг үйл ажиллагаа ажээ. Гэвч ерөнхий дүр зураг нь өөрийн гэсэн зүй тогтолтой юм. Зах зээлд оролцож байгаа хоёр голлох компани хэдийгээр өөр хандлагатай болов ч хэрэглэгчдийн дийлэнх хэсгийг хаман авч чадсан юм. Үлдсэн компаниудад өрөвдөлтэй өвдөл цөвдөл л үлдээжээ.
Баримт №2 Нөөтбүүкийн шинэчлэл
Жобс “iPhone”-ийг нэвтрүүлснээс хойш жилийн дараа IT үйлдвэрлэлийн хүчээ хуваарилах өөр нэг бүтээгдэхүүнтэй болсон нь “Mac Book Air” нөөтбүүк байлаа. 1.2 кг жинтэй 19 мм зузаантай 13 инчийн дэлгэцтэй, бүрэн хэмжээний даралтын товчлууртайгаар гарсан нь урьд өмнө сонсогдоогүй зүйл байлаа.
Уламжлал болсон DVD дамжуулагч байхгүй байгааг Жобс технологи нь хоцрогдсон гэж хялбархан тайлбарлаад, хөгжим болон видеог интернетээс үзэж сонсож болно гэв. Тэгээд цаашаа байдал яг л “iPhone”-д тохиолдсон шиг юм болов. Өрсөлдөгчид нь хөх инээдээ барьж чадахгүй, DVD байхгүй 1500 ам.долларын үнэтэй хэнд хэрэгтэй юм бэ гэцгээж байв. Зарим шинжээчид “Air”-ийг “шар хүүхнүүдийн нөөтбүүк” гэж нэрлэсэн нь иймэрхүү гажиг юмыг техникийн мэдлэг муутай “Apple”-ийн зар сурталчилгааны ов мэхэнд автамхай хүмүүс л сонирхоно гэж егөөдсөн хэрэг байлаа. (“APPLE”-ИЙГ АВАРСАН “ТHINK DIFFERENT”-ЫН БҮТСЭН ТҮҮХИЙГ ЭНД ДАРЖ УНШИНА УУ)
Анхандаа “Air”-ийг зарж эхлэхэд сэтгэл татмаар гойд юм байгаагүй боловч 2010 онд борлуулат өссөний дараа л өрсөлдөгчид нь хөдөлж эхэллээ. Жобс зөвхөн DVD тоглуулагчаас татгалзаад зогссонгүй уламжлал болсон хатуу дискийг сольж флеш хураагууртай болголоо. Тэр түүнчлэн 11 инчийн бага оврын загварыг 999 ам.доллараар худалдаанд гарсан нь амжилттай борлуулагдаж байв.
“Энэ бол миний барьж үзсэн нөөтбүүкийн хамгийн сайн нь” гэж “ZD Net”-ийн тоймч Жоэл Эванс бахархан тэмдэглэжээ. Энэ үнэлэлтийг бусад бусад шинжээчдийн “Air”-ийг магтан дөвийлгөсөн гуншингуудаас хамгийн аядуу нь гэж нэрлэж болно. Өнөөдөр мэргэжилтнүүд “Air”-ийг нөөтбүүкийн үйлдвэрлэлд хувьсгал хийсэн гэж ам нийлэн магтаж байна. Анхны цохилт олон жилийн турш салбартаа чанарын стандарт болж байсан “Sony”-ийн нөөтбүүкт ирэв. Америкийн зах зээлд хүчтэй байр суурь эзлэж байсан “Dell” ба “HP” ч хөгжил дэвшлийн замын хажууд хаягдав.
Харин “Samsung” хурдан сэхээ авснаараа энэ удаа аврагдлаа. Олон талаараа “Air” загвараас дутахааргүй нөтбүүкийг үйлдвэрлэж эхлэв. Харин дараа нь ултрабүүкийн (хэт нимгэн) эрин эхлэв. “Air”-тай төстэй загвараар хийгдсэн мөн л DVD тоглуулагч, “Windows”-аар ажилладаг нөөтбүүкийн суурь дээр угсарсан нөөтбүүкийг “Intel” компани ультрабүүк гэж нэрлэжээ. Өнөөдөр ультрабүүкийг зах зээлийн бараг бүх үйлдвэрлэгчид үйлдвэрлэж байгаа боловч, анхны сэтгэлд хоногшсон амжилтыг Тайваны компаниуд олжээ.
Олон тоймчид өнөөдөр “Asus”-ын “Zenbook” загваруудыг “Apple”-ын “Air”-ээс дутахааргүй болсон гэж үзэцгээдэг. “PC Word”-ийн тоймч Элиас Пластирас “Их бие нь металл хатуулагтай, дизайны хувьд хөнгөн, нимгэн, өндөр бүтээмжтэй” гэж хэлсэн байдаг. “Asus” тухай үедээ нэтбүүкийн чиглэлийн үндэслэгч болж байсан болохоор ультрабүүкийн гараан дээр бусдаас илүү ашигтай байлаа. Шинэ загваруудын ажлын бүтээмж, дизайн нь олон хүнд таалагдав.
Одоо ультрабүүкийг “Asus”-ын гол өрсөлдөгч “Acer”-аас аваад “HP” ба “Dell” хүртэл үйлдвэрлэж алдсан нэр хүнд, манлайллаа эргүүлж олохыг чармайцгааж байна. Харин “Sony” бараг бүхнээс илүү шаналж байгаа бөгөөд нэгэн цагт зах зээлд өнөөгийн “Apple”-ийн суурийг эзэлж байсан тэд энэ оны санхүүгийн жилд 6.4 тэрбум ам.долларын алдагдал хүлээснийг “Tech Crunch”-ийн тоймч Жон Биггс иш татаж байна. Дээр нь нэрмээс болж бүтцийн өөрчлөлтийн хүрээнд 10 мянган ажилтнаа халлаа.
Энэ бүх азгүйтэлд гурван үндсэн үзүүлэлтийн буруу байна гэж Стигл ярьж байна. Эхлээд “Apple” хөгжмийн зах зээлийг “Sony”-гаас булааж “iPod” нэвтэрсний дараа онлайнаар хөгжмийн арилжаа хийж эхлэв. Дараа нь “Samsung” зурагт үйлдвэрлэлийн чанараар цойлон гарч олон жилийн турш ноёрхож байсан зах зээлд манлайлагч боллоо. Хожим нь нэгэн цагт тахин шүтэгдэх байсан “Sony Vaio” нөөтбүүк хөгжил дэвшлийн баян ходоод боллоо.
“Хэрэв гурван хөлтэй сандлын нэг хөл нь үнэ, нөгөө нь нэр хүнд, харин гурав дахь нь зах зээлд эзлэх хувь гэж төсөөлөн бодвол “Sony” компани өнөөдөр ганц хөлгүй болжээ” гэж Биггс дүгнэсэн юм.
Баримт №3 Таблетын үүсэл
2010 оны 1-р сард Жобс өөрийн сүүлчийн их хэргийг бүтээв. Энэ нь “iPad” таблет юм. Бусад олон тохиолдолд байсан шигээ Жобс шинэ санааг үүсгэн хэрэгжүүлэгчээр биш өнгөлөн сайжруулагчаар оролцов. “Microsoft”-ынхон удаан хугаацаанд таблеттай зууралдсан боловч ганц ч олигтой төхөөрөмж гаргаж авч чадсангүй. Харин “iPad” шууд л хит болж “Apple”-ийг дэлхийн хамгийн үнэтэй компанийн зэрэгт аваачив. Хоёр жилийн хугацаанд “iPad” нь “Apple”-ийн бусад амжилттай бүтээгдэхүүний хамт “Apple”-ийн хувьцааг тэнгэрт хадааж, 2012 онд зах зээлийн үнэлгээ нь 500 тэрбум ам.долларын босгыг давав.
Ингээд түүхэнд анх удаа дэлхийд хамгийн үнэтэй компаниар, өндөр технологийн салбарын компани тодров. Шинжээчдийн ярьж байгаагаар “Samsung”, “Nokia”, “HTC”, “RIM”, “Motorola”, “Sony”-ийн хөрөнгө нийлээд ч “Apple”-ийн хөрөнгийн хагасаас бага байна.
“iPad”-ын үүрэг роль зөвхөн амжилтаар хязгаарлагдахгүй, IT үйлдвэрлэлийн хувьд анхны “Macintosh”, анхны плеер “Sony Walkman” шиг бүр тэднээс ч дутуугүй эрин зууны ололт боллоо гэж Стигл ярьдаг юм. “iPad”-ийг амжилттай хэрэгжүүлэх өрсөлдөөнд туугдсан бусад үйлдвэрлэгчид таблетийн бүхэл бүтэн салбар үүссэн нь нөөтбүүк ба нэтбүүкийг зах зээлд ноцтой цохилт өгөв. Дахиад л “Sony” болон бусад үйлдвэрлэгчид шуурхай хөдөлж чадалгүй сүүл барин “Apple”-ийн ард хоцров. Харин өнөө л “Samsung” болон “Asus” бусдаас арай илүү хариуг “iPad”-ад барив. Өмнөд Солонгосын “Samsung” компани “iPad”-ын хүчтэй өрсөлдөгч болсон андройд үйлдлийн системд суурилсан “Galaxy Tab” үйлдвэрлэж эхлэв. Харин “Asus” арай өөрөөр өрт нь залгадаг док-станцтайгаар үйлдвэрлэсэн.
“Samsung” ч бас шинэ гарц олохыг эрмэлзэв. 2011 оны намар “Galaxy Note”-ийг гаргасан нь шинжээчдийг асуудалд оруулав. 5.3 инчийн өргөнтэй дэлгэц бүхий ухаалаг гар утас шинэ салбарыг бий болгосон гэж Парк ярьдаг. “Galaxy Note” маш хурдтай зарагдаж, эхний хэдэн сард 10 сая ширхэг борлогджээ.
Тэгвэл “Nokia” компани өдий хугацаанд дөнгөж 2 сая гаруйхан “Lumia” загварын утас борлуулсан үзүүлэлттэй байна. “Nokia” компани ОХУ дахь нэрийн барааны сүлжээ дэлгүүрүүдээсээ (40 гаруй салбар) татгалзсан бөгөөд одоо түүнийг нь “Samsung” худалдан авч ажиллуулж байна гэж Оросын тоймч Эльдар Муртазин уарьж байна. Энэ бол шатраар шаг, мад гэж тэр дүгнэжээ.
Давхар сэлгээ
Сүүлийн таван жилд IT -ийн үйлдвэрлэлд томоохон хувьсгал гарлаа. Хуучин аврагууд жирийн хэрэглэгчдийн хэрэглээг илүү мэдэрдэг компаниудад сөгдөн унажээ.
“Apple” Амжилтын түүх: 2000-аад оны II хагасаас эхэлсэн бөгөөд өдгөө манлайлагч болон явж байна. Гол бүтээгдэхүүн нь: “iPhone”, “MacBook Air”, “iPad”.  Өөрийн зах зээлийн салбартаа хувьсгал хийж өрсөлдөгчдөө өөрийн стратегийг өөрчлөхөд хүргэв. Эцэст нь “Apple” дэлхийн хамгийн үнэтэй компани гэсэн алдрыг хүртжээ.
“Nokia” Уналтын түүх: Нэгэн цагт үүрэн утасны үйлдвэрлэлийн манлайлагч байсан. “Apple”-ийн хийсэн хувьсгалд адил тэнцүү хандаж чадаагүйгээс арай эрч хүчтэй “Samsung” болон “Google”-д байр сууриа тавьж өгсөн. Өнөөдрийн гол бүтээгдэхүүн нь: “Lumia” загварын утаснууд.
“Sony” Уналтын түүх: Аравхан жилийн өмнө зах зээлд одоогийн “Apple”-ийн эзэлж байгаа технологийн бурхны суудалд заларч байсан Японы компани. “Sony” өнөөдөр зах зээлийн ихэнх салбарт сайндаа л дунд зэргийн тогтогчийн төвшинд явна. Өнөөгийн гол бүтээгдэхүүн нь: “Cyber Shot” зургийн аппарат, “Bravia” загварын зурагт, “Vaio” нөөтбүүк, “Xperia” загварын смартфон.
“Samsung” Амжилтын түүх: Компани арваадхан жилийн өмнө гэр ахуйн цахилгаан бараа үйлдвэрлэдэг жирийн л дундаж компанийн байрнаас эрчимтэй урагшилж IT үйлдвэрлэлийн аваргуудын нэг болон технологийн тэргүүлэгч “Apple”-тай ана мана, энэ тэнцүү өрсөлдөж байна. Өнөөдрийн голлох бүтээгдэхүүн нь: өргөн сонголттой LCD, LED зурагтууд, “Galaxy S” загварын ухаалаг утаснууд, “Galaxy Tab” таблет.
“Asus” Амжилтын түүх: Тайваны олон үйлдвэрлэгчдийн дундаас хамгийн сайн чанарын технологитойгоороо өөрийгөө таниулсан. Нэтбүүк ба ультрабүүкийн нэртэй загварын магнайд байгаа бөгөөд өнөөдөр таблетын өвөрмөц загваруудыг үйлдвэрлэн гаргаж таблетын хөгжилд чухал хувь нэмэр оруулж байна. Гол нэрийн бүтээгдэхүүн нь: “TF300”, “TF700” загварын таблет, “UX21A”, “UX31A” ультрабүүк.
“RIM” Уналтын түүх: Компанийн үндсэн бүтээгдэхүүн болох “BlackBerry” смартфонууд олон жилийн турш АНУ ба Баруун Европын бизнесийн соёлын салшгүй хэсэг болж байлаа. Компани “iPhone”-ын зүгээс гарч байгаа заналхийлэлийг цагт нь олж харалгүй, мөн илүү эвтэй илүү баян үйлдлийн систем болох андройдыг анзаараагүйгээс хэрэглэгчид нь “BlackBerry”-ээс нүүр бууруулав. Өнөөдрийн голлох бүтээгдэхүүн нь: “BlackBerry Bold”, “BlackBerry Touch”.

Орчуулсан: Ж.БАДАРЧ

эх сурвалж: businessnews.mn

Wednesday, September 26, 2012

ТАЛЫН ХӨХ ЧОНОНД БИ ХАЙРТАЙ

Хорин зууны тэртээгээс шившиж тавьсан сум
Холын цэнхэр хязгаараас над руу харвасан од
Гунигт хар нүднээсээ оч үсэргэн цоо ширтэх
Гурамсан сур шиг хөвчирсөн
Талын хөх чононд би хайртай.

Бөмбөр шиг нижигнэх морин туурай тачигнаж
Бөөн хар үүл мэт үхэл нөмрөн айсуйд
Амь онилсон сум амьсгал тоолон нэхэхэд
Амьдралаас сугаран сунаж аглаг тайгад сураггүй шингэх
Аяа, даанч тэнгэрлэг
Талын хөх чононд би хайртай.

Шаналсан сэтгэлээ тас хазан
ганцаардал руу зулрах эрх чөлөө
Шархалсан зүрхээ зөвхөн
нулимсаараа л долоож илааршуулах бардамнал
Чивчирсэн судсаар нь монгол гал буцлан урсах
Чинэрсэн халуун дөл
Талын хөх чононд би хайртай.

Хэнгэрэгийн дуу ертөнцийн анирыг цочооход
Хээрийн чоно гэрэлт үүлэнд хувилахуй
Мөрөөдлийн дуу-шидэт улианд чинь ховсдуулж
Мөнх тэнгэрийн дайдад хамтдаа живнээ,
Талын хөх чоно минь

Monday, September 24, 2012

Цагийн жамыг тодруулагч цаасан шувууны үлгэр


Догшин ноён хутагт Дулдуйтын Данзанравжаа

ЦАГИЙН ЖАМЫГ ТОДРУУЛАГЧ ЦААСАН ШУВУУ ХЭМЭЭХ СУРГААЛ" ОРШВОЙ
Гурван эрдэнэд итгэнэ. 

Хязгаар газрын нэгэн хүн Төр гэрэлтийн тавдугаар оны барс сарын 18-ны шөнө зүүдэлсэн нь:
Нэгэн хүн цаасан шувуу нисгэж байна. Тэр цагт нэгэн хүмүүн ирээд нисгэгч хүмүүнээс ийн асууруун. 

Энэ шувууг хийхэд хямд буюу хэмээвэл
Хямд гэв.
Бас өөр хийхэд хямд юу буй хэмээвээс
Муу үйл хямд гэв.
Ямар юм цөөн буй хэмээвээс
Өөрийн биеийг үл өмөөрөгч хүмүүн цөөн гэв.
Ямар юм олон буй хэмээвээс
Сэрэмжгүй муу заяатан олон гэв.
Ямар юм муухай буй хэмээвээс
Үл мэдэгч муухай гэв.
Юу сайхан буй хэмээвээс
Саруул ухаан сайхан гэв.
Юу хортой буй хэмээхэд
Өст сэтгэл хортой гэв.
Юу тустай буй хэмээхэд
Сайхан сэтгэл тустай гэв.
Юу худал буй хэмээхэд
Энэ нас худал гэв.
Юу үнэн буй хэмээхэд
Гурван эрдэнэ үнэн гэв
Юу муу буй хэмээхэд
Хүний ном үгүй нь муу гэв
Юу сайн гэхэд
Чин сэтгэл сайн гэв.
Энэ цагийн хүний жам ямар гэхэд
Аяа, аяа хуухай энэ цагийн хүний сэтгэлийг санах тутам ертөнц
лүгээ нөхцөхийн чагтага тасран зүрх догдлох мэт энэ бүлгээ.
Бурхныг тахисаар сууж тээршээнэ.
Номыг сонссоор сууж уйдна.
Хуврагтай ханилсаар сууж боолоо хийнэ.
Өөрийн болбоос нохойг ч болов өмөөрнө.
Бусдын болбоос бурхныг ч болов орхино.               
Баялаг болбоос дайсныг ч болов аргадна.
Гуйранч болбоос эцэг эхийг ч болов орхино.
Олзтой болбоос биеэ ч хөлсөлнө.
Зориггүй болбоос буянаас ч болов зайлна.
Дурлаваас мэдсээр байж хулгайг ч болов багтаана.
Зохилдвоос адтай ч болов нөхөцнө.
Буруудваас дээдсийг ч болов доромжилно.
Хэрэглэвээс амраг саднаас салахуйд ч үл зовно.
Эс хэрэглэвээс тангаргаа эвдэж, санаа амар сууна.
Дагаваас хов үгээр ч болно.
Зөрчвөөс хааны цаазаас ч давна. 

Аяа бас, зарим мэргэд номыг мэддэг хэмээгээд алдрыг эрнэ.
Зарим ноѐд, эрхийг олоод дайсныг хураана.
Зарим баяд эдийн төлөө өөрөө сүйднэ.
Зарим эр атаа заргаар байх юмаа барна.
Зарим эм өөрийн өнгө царайгаар зовно. 

Аяа бас, шавь хүн ламыг үл ойшооно.
Түүнчлэн хөвгүүд нь эцгийн үгийг үл сонсоно.
Хүүхэн хүн эхийн сургаснаар үл явна.
Хөвгүүн бээр хураахаас тархаахыг үйлдэнэ.
Хүүхэн хүн эцэг эхээс эрийг илүү өргөнө.
Залуу нь хөгшнөө басна.
Хөгшин нь залуугаа үл тооно.
Идрүүд нь хал барина.
Настнууд нь далд орохыг хүснэ. 

Аяа бас, Үйлийг өр мэт үл нягтлана.
Номыг самуун үг мэт үл дурсана.
Үхэхийг унтахын төдий үл санана.
Рашааныг умдааны төдий үл хэрэглэнэ.
Судрыг мөнгө мэт үл хадгална.
Сайн үгийг сонсовч мартана.
Муу үгийг алба мэт зарлана.
Авах болбоос уул мэт боловч чамлана.
Өгөх болбоос нэгэн фун ч болов харамлана
Цухалдбаас өөрөө ч болов боож үхнэ
Нөхөцбөөс хүний төлөө байхад юмаан ч болов барна.
Буяныг худалдааны төдий үл хэрэглэнэ.
Хилэнцэт үйлэнд аяндаа мэргэшнэ.
Итгэсэн саднаас уурлавч салж үл чадна.
Энэрэгч ламыг дуудавч зайлна.
Чөлөө үгүй боловч жил бүр будаа авахаар явна.
Чөлөө байвч авралын оронд мөргөхөөр үл явна.
Дээдсийг асуувч үл хэлнэ
Амрагийг ас асуувч шивнэнэ.
Бусдын гэмийг намрын үүл мэт элбэг үзнэ.
Өөрийн гэмийг нарийн тоосны төдий үл шинжилнэ.
Дээдэстэй зөрчинө.
Нөхөдтэй тэмцнэ.
Доордсыг дарлана.
Аргатай нь авна.
Аргагүй нь алдана
Сайн хүн ганцаардана.
Шалиг хүн омогтой болно
Олонтой учрахдаа ярина
Ганцаар явахдаа дуулна
Үнэн үгтэн омогтны тоонд орно
Башир үгтэн цэцний суудалд сууна.
Эд эвдрэхийг хайрлана.
Эв эвдрэхийг үл хайрлана.
Салалцаад гаслалцана.
Учралдаад хууралцана.
Хүний муу хэлэхээс айна
Сүнс зовохоос үл айна.
Зововч хичээлийг мэлзээнд гаргана.
Жаргах боловч шамдлыг итгэл уншихын төдий үл үүсгэнэ. 

Аяа бас, тусын хариуд хор хийх хүн олон
Ачийн хариуг мэдэх хүн цөөн
Хилэнцийг мэдэвч хийх хүн олон
Номыг мэдэвч бүтээх хүн цөөн
Сүсэглэвч зарлигийг үл авах хүн олон
Гэмтнийг үзэвч хагацаж чадах хүн цөөн
Зовлонг танивч үл сэргийлэх хүн олон
Жаргалыг хүсэвч сайн явах хүн цөөн
Зусар үг хэлбээс баярлагчид олон
Өөрийн гэмийг хэлбээс үл гомдогчид цөөн
Эрхэлж муу үгээр тогловоос хадгалагчид олон
Энэрч харамгүй сургаваас авагчид цөөн 

Аяа бас, адис авахын урьд, сайн мууг шинжинэ.
Эрдмийг авахын урьд гэмийг харна.
Албанд явахын урьд өөлж туршина.
Өөрөө гарсны сүүлд юу гэхийг туршина.
Хүнд өгөхийн урьд үгүй хэмээн туршина.
Хүнийд очихын урьд хэн буйг асууна.
Сүжиглэхийн хамт сэжиг төрнө.
Эрдмийг эрэхийн хамт гэмийг эрнэ.
Саданд учрахын хамт дайсныг асууна.
Амгалан бүтээхийн хамт зовлонг эрнэ.
Үнэн хэлэхтэй хамт худал үгээр чимнэ.
Нэг зөв явахтай хамт хэдэн буруу явна. 

Аяа бас, хариугүй өглөг үл өгнө.
Харгүй сайхан сэтгэлээр үл санана.
Атгаггүй амгалан сууж үл чадна.
Аргачлалгүй явдал үл явна.
Юмыг тоололгүй алба үл гаргана.
Зүгээр суугаад, алдрын төлөө эд мал зарагчид олон
Өвдөж сандравч хайргүй өргөгчид цөөн
Муу үйл үйлдээд үл гэмшигчид олон
Сайн явдлаар яваад баярлагч хүн цөөн 

Аяа бас, Хүндлэлийг ямба хэмээнэ.
Ёсыг алба хэмээнэ
Ихэстэй учирваас зусардахыг бодно.
Энгийн нөхөртэй учирваас үг авахыг бодно.
Энэ цагийг олны хэрэг хийх, хүний зовлон хэмээвээс
Цайруу явбаас хүний гарт орно
Хардаж явбаас муу үйл арвидна
Шударга явбаас олонтой үл таарна
Башраар явбаас номтой үл таарна
Чанга хурц явбаас өстөн олон болно
Дуугүй номхон сууваас толгой дээр гарна
Дундуур зэрэг явбаас тэнэг хэмээн сонжлогчид олон
Гуйж хэлбээс эрэмшинэ
Ширүун хэлбээс дордоно
Аргаар хэлбээс баширтай болно
Үнэн хэлбээс ойшоохгүй болно
Худал хэлбээс хүндгүй болно.
Олноос зөвшвөөс санаагаа үл хэлнэ
Ганцаар шийдвээс зөрүүд болно
Магадгүй загнаваас итгэмжгүй болно
Ойр сууваас явдлаас зайлна
Хол явбаас орхив хэмээн санана
Болзоогүй явбаас томоогүйд тооцно
Олон үг хэлбээс чалчаа хэмээнэ.
Дуугүй сууваас ихэмсэгт бодно.
Хянаж хэлбээс хартай хэмээнэ.
Гэмгүйг гэмтэйд ононо.
Гэмтэйг нь гэмгүй өнгөрөөнө.
Эвлэбээс хардана.
Эвдэрбээс гомдоно. 

Аяа бас, ганцаар муу явах мөртлөө бусдыг жишээ татна.
Хүний хүчээр сайн яваад гэдрэг эрэмшинэ.
Хүний нэрээр нүүр олоод биед хүчирхэнэ.
Хүний юмаар баяжаад элдэв бардмыг өгүүлнэ.
Дээр явбаас атаархана.
Доор явбаас дарлана.
Энэ цагийн алаглагч ноѐд
Идэгч түшмэд
Хариу бодогч өглөгийн эзэд
Тэмцэлдэгч ардаас эхлэн
Ертөнц ба номын зүг тэвч.
Суудлын төлөө олох нэр
Эдийн төлөө номлох ном
Алдрын төлөө үйлдэх буян
Өглөгийн төлөө шүтэх шавь тэргүүтэн
Муу явдлыг өөрөө үйлдээд
Цагийг муу хэмээнэ.
Арван хар, таван завсаргүй тэргүүтэн, хязгааргүй муу үйл ба
Таван махбодийн хор тэргүүтэн хорлол ба
Найман зовлон тэргүүтэн зовлон ба
Хүн хийгээд хүн бусдын эрх тэргүүтэн
Энэ ертөнцийн орны аль мууг өгүүлж хаа барах
Товчилбоос
Сансрын гянданд үйлээр хүлэгдэж
Мунхагийн харанхуй дотор тачаангүйгээр согтож
Урины мэсийг бариад омгоор хүлэгдэж
Атаагаар энэлэн
Зовлонгийн эвэршээлээр эмгэнэх
Амьтан бүгд хөөрхий
Зүрхэн үгүй энэ насны хавцгайн дотор
Авралын чагтага тасраад
Авах гээхийн нүд тэсэрсэн
Амьтан бүгд хөөрхий
Уурлабаас дуу үл гарах
Баярлаваас олон үг чалчих
Ихсээс мятрах
Багад хөөрлөх
Ичгүүргүй амьтан бүгд хөөрхий
Даарваас хувцас
Халууцваас сүүдэр
Өлсвөөс хоол
Цангаваас унд
Зүдэрвээс нойрын төдий
Өнөө маргаашийн төдий
Туйлбаргүй сэтгэлтэн хөөрхий.
Муу авьяасаар нэрвэгдэж
Оюуны хүчээр сулраад
Аргагүй бологчид хөөрхий.
Тэсэхүйеэ бэрх муу заяанаас гараад
Гайхамшигийн амгалант хүний биеийг олоод
Энэ мэт зовлонгийн үйлийн үрийг эдлэгч
Амьтан бүгд даанч хөөрхий хэмээвэй.
Тэр цагт, нөгөө хүн ийн асууруун:
Аяа, энэ мэт муу цагт
Үнэнийг санагч хүмүүн ямраар явбаас болох буй хэмээсэнд
Нисгэгч хүмүүн өгүүлрүүн:
Аяа, нөхрийн дээд сэрэмж мөн боловч
Лам, эцэг, эх гурван ачтанаа бүү хард.
Эрдмийн дээд эв мөн боловч
Хилэнцэт нөхөртэй бүү нөхөц
Учраад хэлэлцдэг жам мөн боловч
Хэмжээгүй үг бүү хэл.
Бурханаас илүү аврал үгүй тул
Сүжиглээд дамжиг бүү үйлд
Номоос илүү эрдэм үгүй тул
Суралцаад омог бүү үүсгэ
Хуврагаас илүү өмөг үгүй тул
Хүндлээд гэм бүү эр.
Маныг хорлогч нь нисваанис мөн тул
Сэтгэлийг харуулдаж хориг тавь хэмээвэй.
Тэр хүн бас ийн асуув.
Сургаал хэрэгтэй хүн ямар буй, хэрэггүй хүн ямар буй хэмээсэнд
Нисгэгч хүн өгүүлрүүн:
Үл мэдэгч мунхаг, ухаангүй хүнд сургаал хэрэггүй
Өөрийн биеийг тоосон омогтой хүнд сургаал хэрэггүй.
Өгүүлсэн үгийг үл авагч хүнд сургаал хэрэггүй.
Үзсэний дараагаар мартагч хүнд сургаал хэрэггүй
Бусад хүний гэмийг отогч хүнд сургаал хэрэггүй.
Эгэл хэрэггүй хүсэлд шунагч хүнд сургаал хэрэггүй
Ихэс дээдсээс дутаагч хүнд сургаал хэрэггүй.
Илт үзтэл гангалагч хүнд сургаал хэрэггүй.
Элдэв баширт нөхөртэй ханилагч хүнд сургаал хэрэггүй.
Энгийн гэмгүй нөхөртэй үтээрхэгч хүнд сургаал хэрэггүй.
Эд мал тэргүүтнийг худалдсаар үгүйрэгч хүнд сургаал хэрэггүй.
Их суудлыг хүсэж, нэрэлхэгч хүнд сургаал хэрэггүй.
Энэ ба хойтын явдлын сүүлийг үл бодогч хүнд сургаал хэрэггүй гэвэй.
Учрыг ухах саруул ухаантай хүнд сургаал хэрэгтэй.
Үнэнийг баригч шударга хүнд сургаал хэрэгтэй.
Улмаар буяныг хураагч хүнд сургаал хэрэгтэй.
Очирдар ламын зарлигийг хадгалагч хүнд сургаал хэрэгтэй.
Олон нөхөдтэй таарагч хүнд сургаал хэрэгтэй.
Үхэх, өвдөхийн зовлонг санан айгч хүнд сургаал хэрэгтэй.
Үлэмж дээдийн номыг эдлэгч хүнд сургаал хэрэгтэй.
Өвгөд эмгэдийг өргөгч хүнд сургаал хэрэгтэй.
Сургагч нь:
Зоригоор бус үнэнээр болбоос сургаж болно.
Зориуд бус халамжлах сэтгэлээр болбоос сургаж болно.
Зовлонт үйлээс зайлуулагч болбоос сургаж болно.
Өөрөө эс мэдэвч дээдийн зарлигтай болбоос сургаж болно.
Үлэмж мэргэн эс боловч омог сэтгэлгүй болбоос сургаж болно гэвэй.
Тэр хүн:
Тийм бөгөөс надад мэдэхэд хямд
Хийхэд хялбар
Явахад амар
Санахад томьѐотой
Нэгэн сургаал айлдаж хайрламуй.
Гадна биеийн явдал
Дотоод хэлний үг
Нууц сэтгэлийн чиг
Гурвуулны ерөнхий байдлыг ямар мэт явах буй.
Гадаа амины аж төрөх
Дотоод их бага төрийн нууц явдал
Дээдийн номыг бүтээхийн зэргийг ямар мэт явах?
Жаргах цаг санах санаа
Зовох цагт хатамжлах сэтгэлийг
Надад айлдаж хайрла хэмээсэнд :
Нисгэгч хүн өгүүлрүүн:
Гадаад биеийн явдал гэвэл:
Ёстныг хүндэл
Настныг баярлуул
Ачтанаа өргө.
Бачтанаас зайл.
Сайнаас бүү сал.
Садныг бүү эр.
Олныг бүү арилж.
Огт бүү харамла.
Олон дараагаар хэрэггүй явдлыг бүү арвитга.
Онц зөрүүлхэж, дээдсээс бүү сал.
Муу нөхөртэй бүү нөхөц.
Зүйл бүрийн хувцас бүү өмс.
Зүг тал үгүй бүү гайхуул.
Хэлний өгүүлэх хэмээвээс:
Хэвцийрхэж хэрүүл бүү үүсгэ.
Хэгжүүрхэж омог бүү үүсгэ.
Хэлбэрч олон янз бүү урва.
Саваагүй тохуун үг бүү хэлэлц.
Санамсаргүй үг бүү хэл.
Эвлэж муу санаатантай бүү зөвш.
Эвдэрч олон зан бүү гарга.
Хордож бусдын гэмийг бүү малт.
Ховсорч хэрэггүй үг бүү зөө.
Хуурч элдэв башир бүү хэл.
Хоцорч нөхөр үгүй бүү суу хэмээвэй.
Сэтгэлийн чиг хэмээвээс:
Шинжлэлгуй бүү сэтгэ.
Сэрэмжгүй бүү зальхайр.
Гэнэт нөхрийг бүү итгэ.
Гэндэж хүнээс бүү урьт.
Буруу юмыг бүү өмөөр.
Бузгай дээрэнгүй бүү загна.
Бузар хилэнцийг бүү үүсгэ.
Чөлөөгүй гэж бүү алгас.
Чадал үгүй байж бусдыг бүү дуурай.
Магад дээдсийг олж нөхөрлө.
Муу явдалтнаас насад дутаа.
Санасан бүрийг бүү ярь.
Салах учрахад бүү гомд.
Буянтай санаанаас бүү холд.
Бодь сэтгэлийг бүү март.
Нийтийг товчилбоос:
Самуун хүнтэй бүү учир.
Санасан бүрийг бүү илтгэ.
Тэр энэ гэж бүү эрэлх.
Тэгэх ингэх гэж бүү зарла.
Сонжилбоос бүү уурла.
Сонирхож бүү урва.
Өгвөөс эд мөн.
Сахиваас санваар мөн.
Хүлцвээс хуяг мөн.
Хичээвээс бодь мөн.
Эс мартваас бясалгал мөн.
Мэдвээс билэг мөн.
Мунхаг хүнтэй оролдвоос, үйлийн үрийг үл мэдэх тул өөрөө гутна.
Хүсэлтэй хүнийг чанга хоригловоос, гансрах тул аргаар номхотго.
Ууртай хүнийг ширүүн хэлбээс, аюул болох тул улмаар ухуул.
Омогтой хүнийг дарлаваас, хорсох тул нэр цолоор баясга.
Дээрэнгүй хүнийг хөгжөөвөөс, хэрэг гарах тул их битгий хэрэгс.
Атаач хүнд нүүр эс өгвөөс, гомдох тул сайхан загна.
Харамч хүн нэг ширхэг утсыг ч болов.харамлах тул арилжаа бүү хий.
Зусарч хүнтэй нөхөрлөвөөс, зоргоор сурах тул дорд суудлыг барьж.
Ховч хүнтэй хэлэлцвээс,бусдын гэмийг сонсох тул үгийг битгий итгэ.
Их хүнийг эснүүрдвээс, өмөг үгүй болох тул ѐсын төдий сайхан хүндэл.
Боол хүнийг эс баярлуулбаас, явдал хожимдох тул бага сага юм өг.
Өр бүү хий.
Өглөг бүү тасал.
Хулгай бүү хий.
Ховсоргон бүү загна.
Олноос зөвш.
Онц өөрийн санааг сүүлд гарга.
Хэлбээс бүү буц.
Санаваас бүү март.
Хүнийг нүүрчилж, хэргийг буруу бүү болго.
Хүнд чиг үгүй бүү суу.
Сайхан зан үгүй бүү суу.
Эдгээр хэмээвээс, ертөнцийн ѐсны сургаал болой.
Эдүгээ номны ѐсны сургаал хэмээвээс
Биеийг тороос алдуулсан шувуу мэт, аглагийг шүт.
Хэлийг хятад хивийн зангилаа мэт, алдралт үгүй боо.
Урьдын хийсэн хилэнцээс, хор идсэн мэт хашир.
Магад гарах буянтай сэтгэлийг, амь мэт энхрийл.
Хилэнцэт нөхрөөс, аврага могой үзсэн мэт зайл.
Буяны садныг өөрийн толгой мэт өргө.
Сэтгэлийн эрдмийг, яст мэлхийн гишүү мэт нуу.
Урсгал зөөлөн занг
Мөрний урсгал мэт үргэлжлүүлэн ундрага.
Ганц зоригийг, бууны сум мэт чиглэ.
Гурван эрдэнийн үйлст морь, нохой мэт зүтгэ.
Олон хамаг амьтанд сал онгоц мэт
Боол сэтгэлийг барь.
Тангараг, санваар хоѐрыг, шил толь мэт хайрла.
Өөрийн биеийн гэмийг салхи мэт апдаршуул.
Зөв болбоос дайсныг боловч үйлд.
Буруу болбоос хааны суудалд суувч зайл.
Буян болох болбоос хилэнц мэт боловч үйлд.
Хилэнц болох болбоос буян мэт боловч тэвч.
Үлгэрлэвээс:
Хүнтэй адил боловч, ороолон болбоос бүү учир.
Галзуутай адил боловч, дээдэс төрөлхтөн болбоос шүт.
Түүнчлэн, билиг буй бөгөөс
Эрдэм үл болох юм нэг ч үгүй.
Сүсэг буй бөгөөс
Адис үл гарах юм нэг ч үгүй.
Хичээнгүй буй бөгөөс
Үл бүтэх юм нэг ч үгүй.
Бодь сэтгэл буй бөгөөс
Нөхөр үл болох амьтан нэг ч үгүй хэмээвэй.
Тэр цагт билигтэй бөгөөс юм бүгд эрдэм болох
Учир юу буй? Хэмээсэнд:
Үлгэрлэвээс:
Чулуун хор, эмч хүнд эм
Өвчтөнд рашаан болох
Зүгээр хүнд хор болсон мэт
Шимийг авбаас өчүүхэн юм ч
Их эрдэм болох олон буй.
Хорхой тэжээж авсан шүлс
Магнаг болохыг үзэгтүн.
Энэ үест:
Билиг, сүсэг, хичээнгүй, бодь дөрөв
Ялгал, оньс, эрдэм, сайн дөрөв
Үүнийг номлох зүйл эгээршгүй боловч
Олонх нь гарын хөтөлбөрөөс сурч болох
Товчийн төдий өгүүлбээс:
Сүсэг үгүй бөгөөс бурхныг шүтэж үл чадна.
Бурхныг шүтэж эс чадваас, зарлигийг дагаж үл чадна.
Зарлигийг эс дагаваас, ишийн эрдмийг үл олно.
Түүнийг үл олбоос, онол үл төрнө.
Тэр хоѐр үгүй бөгөөс, авах гээхийн алин ч үгүй буруудна.
Хичээнгүй үгүй бөгөөс, туурвисан үйл хэрэггүй өнгөрнө.
Бодь сэтгэлтэй хүмүүн
Нялх ч болов олныг айлгана.
Хорлох сэтгэлтэй хүн
Идэр хүчтэй боловч дайсныг арвитгана.
Алаг үгүй сэтгэлтэй хүнийг
Амьтан бүхэн өрөвдөнө.
Бус бас жаргах цагт
Ташуурал үгүй, сэтгэлийг дар.
Хайртай хэмээгч дотуурчилсны нэр.
Хилэгнэх хэмээгч, уурын нэр.
Жаргах хэмээгч, нойрын нэр.
Их хурц хэмээгч, омгийн нэр.
Харилхана хэмээгч, атааны нэр.
Өнгийг өгүүлж хэлбээс:
Мөн чанар нь таван хорын нэр буй.
Өвчин бага боловч үхлийн шалтгаан.
Будаг бага боловч өнгө урвуулахын шалтгаан.
Буян бага ч болов туслахын шалтгаан.
Гал бага ч болов, түлэхийн шалтгаан.
Нүгэлт нөхөр хол ч болов хорлохын шалтгаан.
Бусдын өргөмжлөлийн үгэнд хөөрөлгүй
Насад өөрийн сэтгэлийг нам дарж явтугай.
Сайн муу хоѐрыг, сэтгэлээс ялгадаг.
Тус хор хоѐрыг, үйлдвэрээс таньдаг.
Үнэн худал хоѐр, сүүлдээ тодордог.
Жаргал зовлон хоѐр, өөрийн үйлээс болох тул
Сэтгэлийг шантрал үгүй
Буянтай сэтгэлийг хадгалбаас, үхэвч санаа амар буй.
Учир үгүй цааз үл байна.
Уг үгүй үр үл байна.
Санал үгүй үг үл хэлнэ.
Саадгүй буянаас үл хожидох тул
Үйлдвэр юу үйлдэвч
Шалтгааныг шинжил хэмээвэй.
Тэр цагт нөгөө хүн
Товч нь юу буй хэмээсэнд
Нисгэгч хүн өгүүлрүүн:
Аврал бүгдийн товч лам мөн.
Санваар бүгдийн товч сэрэмж мөн.
Буянтай сэтгэлийн товч бодь сэтгэл мөн.
Үзэл бүгдийн товч үнэн үзэл мөн.
Санаа бүгдийн товч мөнх бус мөн.
Ном бүгдийн товч сэтгэлийг номхотгох мөн.
Таван махбод бүгд
Огторгуй махбодид хурна.
Таван хор бүгд
Мунхаг сэтгэлд хурна.
Билиг, бэлгэ бүгд номын төвийн билиг, бэлэгт хурна.
Дурдаж мэдвээс сансар нирваан бүгд сэтгэлийн чанараас үл давна.
Үлгэрлэвээс:
Хоосон хумхийн тоос цугларсаар
Арвидваас шороо болно.
Шороо арвидваас, уул болно.
Чийг арвидваас ус болно.
Манан арвидбаас үүл болно.
Туйпуу арвидбаас балгад болно.
Түүнчлэн бие үгүй хоосон сэтгэл
Буруудваас нисваанис болно.
Нисваанис арвидваас там боловсорно.
Зөвдвөөс буянт мөр болно.
Буян арвидваас, бурхан болно.
Энэ мэт элдэв зүйлийн үзэгдэгч, бүгд шүтэн барилдлага.
Үзэгдлийн төдий хоосон хэмээхийн агаарт
Зүүд замхрав хэмээн хэдэн
Сайн, муу, үнэн, худал үгсийг
Наадмын төдий бичсэн.
Энэ цагийн жамыг тодруулагч Цаасан шувуу хэмээгдэх сургаал төгсөв.
Ом сайн амгалан болтугай.
Очирдар багшийн адиститээр
Онол бүгдийн эцэст хүрч
Орчлонгийн далайг ширгээж гэтлэн
Номын биеийг олох болтугай.

эх сурвалж: http://ulaanbaatarbuyan.mn